Skip to Content

Naadam 2025 Volunteers

Энэхүү тэмдэглэлийг Наадам зохион байгуулалтад сэтгэл зүрхээрээ оролцсон бүх хүмүүст зориулан бичив.

Наадмын өглөө

Written by Lkhamdulam Natso

Нар хур тэгширсэн, налгар сайхан өглөө байлаа. Зайдуухан орших Наадмын талбайг зорих Наадамчид маань өглөө эртлэн босч, үр хүүхдээ гоёж, үндэсний дээл хувцсаа жигдэрүүлэн, талбайн зүг сэтгэл догдлон мордсон нь лавтай.


Талбайн зохион байгуулагч Даваасүрэн (Daagii Davaa) гэр бүлтэйгээ хамт өглөөн нарнаар иржээ. Түүний харцнаас хариуцлага, сэтгэл хөдөлгөөн цухалзан, өнөөдрийн үнэ цэнийг биеэрээ илэрхийлж байв. 

Тайз, угталтын баннер бусад чимэглэл — энэ бүхнийг Түвшин, Тунгаа нарын гэр бүл (Tuvshin Butemj, unga Lmg) урьдын адил сэтгэл гарган, аргагүй л мэргэжлийн түвшинд урлаж, хүүхдүүдэд зориулсан нүүр будалтын булангаа эвлэгхэн засаж байв.


Хөгжим хариуцсан Цэнгүүн ба түүний найзууд хөдөлсөөр, нээлтийн үйл ажиллагааны  хөтлөгч  Оюунгоо G. болон бусад нөхдүүд ар араасаа цувран ирлээ. Оюунгоо тэргүүтэй залуучуудын манлайлал энэ жилийн Наадмын нээлтийн үйл ажиллагаанд шинэ өнгө нэмж, чимэг болж байгаа мэт. Мөөгий B. нөхрийн хамт нийтийн майхан, ус, хэрэгсэл бүхнээ байрлуулж яваа харагдана. 

Video created by Aldarbayar

Монгол Наадмын онцгой нэгэн хэсэг шагайн харвааны асарыг оновчтой, тайван уур амьсгалд зохион байгуулахын тулд газрын тэгш, чиг тэнхээг зөв сонгох нь ур ухаан, туршлага шаарддаг ажил билээ. 

Мэргэн нүдээр гүйцэтгэдэг  Л.Надмид ахлагчтай Дөл багийнхан  хамгийн оновчтой байршлыг сонгож, асар майхнаа нэг нэгээр нь эвийг нь олж, өрж эхлэв. Шагайн асар бол үнэхээр онцгой. 

Асрын эмх цэгцтэй байдал, дотоод зохион байгуулалт, намбалаг төрх, сүр хүч гээд бүх зүйл нь нэгэн жижиг “вант улс” мэт сүндэрлэн харагдаж, Наадмын өнгө төрх, сүр жавхааг илтгэж байлаа.

Бүртгэл

Өглөөний наран доор

Эрт босвол нэгийг үзнэ гэгчээр эртлэн ирсэн наадамчид маань дуртай газраа сонгон асар майхнаа дэлгэж, дараа дараагийн Наадамчид боломжоороо майхнаа босгоно.  Өвөр Монголын ӨЗО ны элэг нэгт ахан дүүс маань зочлон ирсэн нь баяр дээр баяр нэмсэн сайхан явдал байлаа.  Танай барьсан майхан наадмын төгөлдөр хэсэг, Таны өмссөн үндэстний хувцас Монгол бахархал байлаа.

Бүртгэлийн ажлыг гялалзуулдаг Минжээ G. ба Болор нар Наадамчидаа бүртгэн авч, хүндлэн чиглүүлж, гэрчилгээ юуг нь өгч байлаа.

Вэст Брүүк Цэнтрийн эзэд зань ааль сайтай, Монгол наадмыг сонирхоостой, жинхэнэ сайхан Канад хүмүүс байгаа нь бидэнд улам бүр таатай мэдрэмж өгч байлаа.  Мөн Канад найз нөхөдөө урьж авчраад өв соёлоороо бахархан ярилцаж буй наадамчдаа сонсоход сэтгэлд таатай байлаа. Бүүр ахиад бөх барилд гэж ятгаад оруулаад ирсэн хүн байсаан.

Өглөөний наран доор Наадмын бэлтгэл хором хормоор гүйцэж, зүрх догдлуулам уур амьсгал бүрэлдэн тогтож байлаа. Энэ бүхнийг харахад — энэ жилийн Наадам,  бүр илүү сайхан болох нь элт байлаа.

Монгол гэр

Өв соёлын бүрэн илэрхийлэл

 П. Балтийн багийнхан жил бүрийн Наадамд өөрсдийн гэрийг авчран барьдаг сайхан уламжлалаа тогтоож байгаа нь бахархам, энэ жил хоёр ч гэр  барьлаа.


Монгол гэр бол зөвхөн орон сууц биш — харин соёлын өв, ахуйн ухаан, зан заншлын нэвтэрхий толь билээ. Энэ утгаараа Балтийн багийн барьсан гэрүүд нь дотоод, гадаадын зочдод Монгол ахуй, амьдралын хэв маягийг биеэр мэдрүүлэх амьд үзмэр мэт болж, олон хүний нүдийг баясгав.

Наадмын энэ өдөр Э.Түмэн-Өлзий жинхэнэ өв тээгч багш болж, гэр барих арга ухааныг залууст гардан заан, 10 гаруй хүнд практик сургалт хэлбэрээр тайлбарлан таниулав. Залуус өөрсдийн гараар гэр барьлаа.

Өглөөний цай 

Зочломтгой Монгол

Наадмын өглөөг Монгол хүний зочломтгой зангийн жинхэнэ илэрхийлэл болсон энэ хэсэг  өнгөрөв. Б.Саруул ахлагчтай өглөөний цай, цагаан идээний багийнхан урам зоригоор дүүрэн ажиллаж, халуун сэтгэлээ идээ шүүсэнд шингээн, өглөө эртлэн ирсэн наадамчдад сэтгэлийн идээгээ барив.

  1. Тэдний багтай хүч хавсарсан гэр бүлүүдийг онцолбоос: Aruinbold, Inga нарын гэр бүл өөрсдийн аргаар бэлтгэсэн өвчүү, сүүтэй цай 
  2. Түвшин Uuld-ийн өвчүү амталгаа 
  3. Херо Баатар,  Оюунгэрэл гэр бүлийн тогооны өрөм, боорцог 
  4. Мөнгөн, БолортуяаЦэцгээ, Янжаа нарын хайлмаг, боорцог
  5. Заяа (UA UA)-гийн чанасан үнэрт сайхан цай — бүгд энэ өглөөний зоогийг урлахад дэмжлэг болжээ. 

Ану, Лили, түүний дүү, Болортуяа, Энэрэл, Билгээ, Саруул, Баянаа нар  зочдоо халуун сэтгэлээр угтан, нэг бүрчлэн анхаарч үйлчилж байсан. 

Нансалмаа өөрийн гарын боорцог цайг ахмадуудын ширээнд өргөн барьж, Отгонтуяа, Саруул нар хамтдаа өдөржин боорцог хайрчээ. Хүмүүс ааруул, хайлмаг, юухан хээхэн хэрхэн хийхийг бие биеэсээ суралцаад авсан бүтээлч бүлэг  байлаа.

Айл бүрийн өвөрмөц жор, амт, сэтгэл шингэсэн гараар бүтсэн энэ өглөөний цайнаас Монгол ахуй, Монгол эмэгтэйн ухаан, зочломтгойн гүн утга мэдрэгдэж байлаа. Яах аргагүй,  М. Дукагийн хийсэн айраг, ааруул  өвөрмөц, амтны соёлыг өөр түвшинд хүргэсэн уран бүтээл шиг байв.

Өглөөний салхи, цайны үнэр, хуучин танилуудын инээд хөөр эгшиглэн, Наадам эхэлж буйг мэдрүүлнэ.

Наадмын зоог  

Наадмын зоог, хүнсний ажлыг Ууган, Икагийн баг хариуцан, бүх зүйлсийг нямбай базааж, амаргүй хэрнээ хамгийн чухал ажлыг чин сэтгэлээрээ гүйцэтгэж байв. 

Наадмын хуушуур, шорлог, хот дог, бургэр, цуйван, бууз, нэрийн зоог гээд хоолны нэр төрөл олон болжээ. Тэдний гал тогооноос гарсан халуун сэтгэл, гарын хоол нь  ходоод баясгаж, баярын амтыг улам бүр нэмсээн.



Наадмын худалдаа   

Наадмын орчинд шинэ, бүтээлч өнгө нэмсэн зүйл бол өсвөр насны хүүхдүүдийн санаачлага байлаа. 

Эсүй, Уянгаа, Ууганаагийн хүүхдүүд, Цэнгүүний баг өөрсдийн сэдсэн жижиг бараа бүтээгдэхүүнээ худалдаалж, наадамчдыг зугаацуулж, бизнесийн гараагаа эхэлж, бие даах, сэтгэн бодох чадвараа хөгжүүлж байсан нь үнэхээр сайшаалтай байв. 


Монгол мерчийн худалдаа хариуцсан Ундрал зочломтгой зангаараа олныг байлдан дагуулав.

Наадмын нээлтийн үйл ажиллагаа 

Дэлхийгээр тархан сууж байгаа монголчууд

Наадмаа хамтдаа сайхан тэмдэглэх гэсэн тэргүүн зорилгыг аль хэдийн ажиглаад ухаарчихсан Залуучуудын холбооны төлөөлөл болсон эрч хүчтэй залуус — Оюунгоо, Цэнгүүн, Билгүүн нар энэ жилийн Наадмын олон үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хамрах хүрээгээ тэлэн, хөгжөөнт тоглоомуудыг бэлтгэн зохион байгуулж оролцоогоо тод илэрхийллээ. Тэдний урам зориг, хариуцлага, бүтээлч оролцоо нь Наадмын уур амьсгалд шинэ өнгө нэмж, шинэ үеийн манлайлагчид хэрхэн бүрэлдэн буйг олон нийтэд мэдрүүлж байлаа.


Наадамчид тухласны дараа Газар нутгаа хүндэтгэх Канад ёсыг дагав. Канадын уугуул иргэд газар шороо, уул ус, байгаль дэлхийгээ шүтэн дээдэлдэг. Энэ хүндлэл нь бидний Монголчуудын "газрын эзэн, усны савдаг" хэмээх шүтлэг, зан заншилтай олон талаараа ижил, сэтгэл зүрхнээсээ ойр байдаг билээ. Тэд  бидэн шиг байгаль дэлхийтэйгээ шүтэн барилддаг,  өвөг дээдсийнхээ ухаан сургаалийг хүндэтгэдэг, уул усандаа нэр хайрлаж, сэтгэл шингээдэг.


Дараа нь наадмын үндсэн форматаа дагаж нээлтийн хөтөлбөр явж эхэллээ.

  1. Наадмын нээлтийн хөтөлбөрийг эвлэгхэн  Оюунгоо, унаган авьяаст, уран үг цээжинд нь буусан Д.Сэвжид нар сэтгэл шингэсэн шүлгийн мөрсөөр эхлүүлэв. 
  2. Туг залах ёслолыг "Дөл" Багийн ахлагч, Лувсанжамцын Цэрэннадмид тэргүүтэй хүмүүс, Монгол далбаагаа барьсан балчир хүүхдүүд араас нь даган гарч ирлээ.
  3. Дэлхийгээр тархан сууж байгаа монголчууд болон шагай харваачдын дунд Канадын Монголчуудын нэрийг гаргаж, өндөрт өргөж яваа Дөл баг маань АНУ ын Вашингтон ДиСи хотод зохиогдсон Хойд Америкийн аварга шалгаруулах 2024 оны нээлттэй тэмцээний багийн цуваа харвааны алтан медаль, АНУ-ын Чикаго хотод зохиогдсон 2025 оны Хойд Америкийн Зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээний багийн харвааны төрөлд хүрэл медаль хүртсэн амжилт гаргасан билээ.
  4. Наадмын нээлтийн тайзнаа Насанбуянгийн Мягмарсүрэн хүндэт зочноор уригдан үг хэллээ. Тэрээр Монгол Улсын Усан цахилгаан станцын инженер, эрчим хүчний мастер мэргэжилтэй бөгөөд өнөөдөр Канадын мэргэжлийн цахилгаанчин, Калгари хотод суурьшсан Монголчуудын ууган төлөөлөгчдийн нэг билээ. Түүний үгсэд  талархлын сэтгэл төдийгүй, ирээдүйн сайн сайхныг хүсэмжилсэн эв нэгдэл, эх хэл, өв соёлоо хадгалан үлдэхийн төлөөх гүн гүнзгий утга санаа шингэсэн байлаа. 
  5. Монгол төрийн дууллыг Даваадорж болон үндэсний хувцасаараа донжийг нь тааруулан гоёсон Наадамчдынхаа  хамт дууллаа.
  6. Наадмын нээлт Морин хуурын эгшиггүйгээр үл төсөөлөгдөнө. Тэртээх Монголын талын салхи мэт татлагын холбоо аяыг Чулуундаваагийн Уламбаяр, Дашнямын Отгондаваа нар гарын уран, сэтгэлийн гүнээр эгшиглүүлэн, Наадамчдын зүрх сэтгэлд мартагдашгүй аялгуугаар бэлэг барьсан юм.
  7. Унаган авьяаст, ая зохиогч Ванкувэр хотоос ирж зуныг өнгөрөөж буй бид дундаа л хөгжмийн залуу мэргэжилтэн У.Цэнгүүн " Монголын тал нутаг”-г төгөлдөр хуураар тоглож бидний зүрхийг гижигдэв. 
  8. Дараа нь Буриад ардын дуу “Хатариш” ийг ирээдүй хойч үеийн бяцхан дуучид маань эвлэгхэн дуулав. Энэ бүхнийг бэлтгэлийг өөрийн нялх үрээ өсгөх завгүй ажлынхаа дундуур  базааж, найруулсан Э.Амажи-д үнэхээр  талархам.
  9. Авьяаслаг  охин Цогтын Анхилуун Уран хас аяыг хийлийн гоцлолоор эвлэгхэн дарж бидний сонорыг мялаав. Түүний хичээл зүтгэл, олон хоногийн уйгагүй бэлтгэлийг дэмжиж, боломж олгосон аав ээжийн халуун сэтгэлийг мэдэрч суулаа бид.
  10. Түүний дараа Тулгын Эгшиглэн “Мандухай Цэцэн хатан” аялгууг төгөлдөр хуур дээр сэтгэл шингээн гоцлон тоглосон нь хүмүүний зүрхийг хөдөлгөв. Түүний тууштай хичээл, сахилга баттай бэлтгэл, урлагт хандах гүн хүндлэлийг сонсогч бүр мэдрэн суусан нь гарцаагүй. 
  11. Монгол айл морин хуурын аялгууг Дашнямын Отгондаваа эгшиглүүлэв. Аргагүй урлагт хайртай, авьяастай морин хуурч юмаа.
  12. Б.Цэндийн найруулгаар бэлтгэсэн Торгууд бүжгийг 20 гаруйхан хоногийг өмнөөс биесээ таньдаг болсон дөрвөлийн хамтлаг (Б.Цэнд, Д.Мөнхбаатар, Б.Эрдэнэт-Од, У.Цэнгүүн) маань 20 жил хамтдаа зүтгэсэн мэт бүжиглэж, ганц хоёрхон удаагийн сургалтад сууж хэдэн зуун калори шатаагаад авсан хэдүүл даган баясав.

Монгол бөхийн барилдаан 

Бидний бахархал

7000 жилийн өмнө үүссэн байж болзошгүй үндэсний бөхийн барилдаанд хүч тамираа базаасан 32 бөх зодоглов. Орос, Канадын бөхчүүд ч зориглоод хүрээд ирэв.  Ачих, бусгах, хавсрах, хайчлах гэх мэт наанадаж 45 гаруй  мэх байдаг юм байна (Wikipedia). 


Наадмын  дүн нурууг тодорхойлдог  бөхийн тайлбарлагчийн хүндтэй үүргийг  Б. Даваадорж ёс төртэйгээр гүйцэтгэлээ.

Шөвгийн дөрөвт Орхон аймгийн Баян-Өндөр сумын М.Болд-Эрдэнэ, Завхан аймгийн Улиастай сумын бөх Д.Сэвжид, Улаанбаатар хотын бөх Б.Батэрдэнэ, Сэлэнгэ аймгийн Мандал сумын бөх Т. Төгөлдөр нар үлдэж, М. Болд-Эрдэнэ гар ачих мэхээр  тав даван түрүүлж, Д.Сэвжид дөрөв давжүзүүрлэлээ. Үзүүр , түрүү бөхийн бай шагналыг Д. Сэвжид ивээн тэтгэсэн билээ. 


Жилийн жилд гарын даа, хөлийн цэцээр өдөржин цуцалгүй ажиллан суудаг Хатанбаатар шинэ туслахтай болоод авсан харагдана. Тэр бол бөхдөө хайртай Баярт байлаа.  Бөхөд зөвлөгөө өгөх, малгай барих гэх мэт бөхийн сайн туслах юмуу даа 10 гаруй засуулчид байлаа. 

Түрүү бөхийг н.Цогт-Эрдэнэ, үзүүр бөхийг н.Балт заслаа.  Хүчит бөхчүүдийн эд бяд, эрэмгий хурд, саруул ухаан, сайхан чанар бүгдийг бахдан суулаа Наадамчид бид чинь.

Бөхийн барилдааны сүүлийн давааны өмнө хур бороо асгаруулан хөгжим юугаа хураахаас аргагүй хүрсэн тул Харин халуун элгэн нутгаа наанаа ч нэг, цааанаа ч нэг л дуулсан  хүн олон байлаа. Наадмын эдлэл хэрэглэлийг буцааж ачихад олон  хүмүүс байсан тусалсан.  Үнэхээр талархууштай.

Шагайн харваа 

Эртний өв уламжлал

Хүн байгаль хоёрын шүтэлцээг өөртөө агуулсан,  нэг нь нөгөөдөө хүндэтгэл үзүүлэх урам хайрлахын ур ухааныг уухайгаараа илэрхийлж байдаг шагайн харваа нь Монголчуудын эртнээс нааш өвлөгдаж ирсэн уламжлалт тоглоомын нэг төрөл юм. Шагайн харваа нь 2001 оноос эхлэн албан ёсоор монголын үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болон зохион явагдах болсон (Wikipedia).


Манай наадмын шагайн харвааны тухай бол  хувийн цуваа харваанд 1 дүгээр байр. Ч.Алдарбаяр. 2. У. Зоригт 3. Л.Цэрэннадмид. Багийн харваанд 1 дүгээр байр. Ч.Алдарбаяр ахлагчтай "Соёмбо"баг 2. Б.Сүхгэрэл ахлагчтай "Дөл"баг 3. У.Зоригт ахлагчтай "Хасаа" багууд орж эрхий мэргэнээ харууллаа.


Хүүхдийн зургийн уралдаан 

Бяцхан авьяастнууд

Монгол наадмын тухай мэдлэг, дүрслэх урлагийн авьяасаа тодруулсан хүүхдүүдээс 1 дүгээр байрт Хүрэлсүхийн Мөнх-Эрдэнэ, 2 дугаар байрт Тулгын Аялгуу 3 дугаар байрт Янжиндуламын Очир, 4 дүгээр байрт Долгионы Мишээл нар орж  эцэг эх, гэр бүлийнхийгээ баярлууллаа.

Баярмаа (Jessica) охинтойгоо хамт жил бүр гар зургийн уралдаан зохион байгуулж үргэлж тусалдагт баярлалаа. 

Хурдан дааганы уралдаан 

Жил жилийн уралдаан

Хурдан дааганы уралдаан гээд манайхан бэлэгшээгээд сурчихсэн хүүхдийн гүйлтийн уралдаан 3 насны ангиллааар болж өнгөрөв. Ёстой л хурдан дааганы уралдаан адил маргасан, давтсан зүйлс гарсаан гарсан. 

Нийтдээ 50 гаруй хүүхдүүд оролцлоо.  Монголд жийпээр морь дагаж буй мэт эцэг эхчүүд нь дагаад бүгд бичлэг хийдэг юм байна лээ.   Үнэхээр хөгжилтэй болсон.  Балчир хүүхдүүд маань овогоо аав л гэж мэддэг, улаан палаажит, цэнхэр палаажит гэж  дуудахад хүрэх үе байлаа. 


3-6 насныханд Я.Очир түрүүлж, C. Замилан үзүүрлэж, Ч. Ананд удаалав. Харин 7-9 насныханд А. Хэрлэн түрүүлж,  А. Уудам удаалж, Б. Цэлмэг айргийн гуравт оров. 10 аас дээш насанд П. Баяр түрүүлж, Ц. Тэлмэн үзүүрлэж, Д. Сүлд удаалав.   Хүүхэд бүр өөртэй итгэлтэй хөөрхөн хөгжилтэй юм байна лээ. 

Уралдаандаа зориг гарган оролцсон хүүхэд болгон түрүүлсэн гэсэн үг дээ.   Жил жилийн уралдааныг “Happy Trails” явган алхалтын бүлэг зохион байгуулдаг бөгөөд энэ удаа Д.Одноо, Н.Батжаргал, Ч.Эрдэнэтуяa (Бажух), С.Оюунгэрэл нар идэвхийлэн зохион байгуулж дараа жил улам бүр сайхан болгоноо хэмээн ярицгааж сууна.

Хуртай Наадам

Бөхийн барилдааны сүүлийн давааны өмнө хур бороо асгаруулан хөгжим юугаа хураахаас аргагүй хүрсэн. Иймийн тул Халуун элгэн нутгаа наанаа ч нэг, цааанаа ч нэг  дуулсан  хүн олон байлаа. Наадмын эдлэл хэрэглэлийг буцааж ачихад олон  хүмүүс байсан тусалсан.  Үнэхээр талархууштай.

Наадмын дараах үдэшлэг  

One more activity

Наадмын дараах үдэшлэг 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй болж хүмүүс өөрсдийн бэлдсэн playlist (almost a battle) явуулж, хандивийн барааны дуудлага худалдаа явагдсан хөгжилтэй орой байлаа.

Дуудлага худалдааны хандивлагчдыг дурдваас олон цагаар хонины толгой урласан Ууган ба Икагийн (Эрдэнэбат) баг, Каз холоос хайж олоод, бэлтгэж авчирсэн Б.Даваасүрэн, ундааны дээж болон Чингисийн зурагтай савхин эдлэл бэлэглэсэн Ү.Түвшин нар байлаа. 

Бэлтгэл зохион байгуултад

Tалархал

Наадмын зураглаачаар Н.Мягмарсүрэн, Э.Дука, Ж.Ачи, Ч.Алдар (дрон зураглал) нар ажиллаж олны хүртээл болгосон явдалд талархал илэрхийлье. Зурагт нүдтэй, ажлыг аятайхан, адтайхан амжуулчихдаг хүмүүс байгааг олж мэдлээ.

Бэлтгэл зохион байгуултад мэдлэг, ур чадвар, гар биеэрээ оролцсон баг бүрэлдэхүүнд талархал илэрхийлье!

  1. Bajuh- газрын зураглал, текст шивэх, декор, медалиудыг янзлах
  2. Batjargal –худалдан авалт, ачилт, хүүхдийн уралдаан, хаалт, зөвлөх
  3. Batsuren- бэлтгэл ажил, вэндоруудтай харьцах
  4. Daagii Davaa- талбайн зохион байгуулалт, хэвлэл, бүжиг
  5. Davaadorj- бөхийн тайлбайр, бүжгийн бэлтгэл, хөгжим хангалт
  6. Donna Dashdavaa -худалдан авалт, хүүхдийн уралдаан, үдэшлэг, хаалт
  7. Duka Enkh – бэлтгэл, зөвлөх, чиглүүлэг
  8. Erdenejargal Jack Dorjgochoo- талбайн туслах
  9. Moogie Bayarbat- худалдан авалт, талбайн зохион байгуулагч
  10. Minjee Gan -бүртгэлийн систем боловсруулалт, бүртгэл, гэрчилгээ, сайн дурынхны бүртгэл
  11. Munkhnaran Erdenebat- санхүү, тайлан тооцоо
  12. Lkhamdulam Natsagdorj -ерөнхий чиглүүлэг, нээлтийн хөтөлбөр, худалдан авалт, сан бүрдүүлэлт
  13. Oyungoo -нээлтийн хөтлөл, залуусийн тэмцээн зохион байгуулалт, худалдан авалт
  14. Oyungerel -санхүү, тайлан тооцоо, медалиуд авчрах, хүүхдийн уралдаан
  15. ​​Tserennadmid Luvsanjamts- санхүү босгох, зөвлөх, шагайн холбоо
  16. Түвшин – хандивийн худалдаа, сан  бүрдүүлэлт, зөвлөх, Spotify play list,  Google Doc үүсгэлт
  17. Saruka-өглөөний цай, цагаан идээ
  18. Uugan Uugan- хоол хүнс, зөвлөх, чиглүүлэг

Our Volunteers 

Rate the Quality of this article

Some Pictures From Naadam 2025

Calgary Naadam 2025

байрлал News
Calgary Mongol Naadam Kids Drawing Competition